Зөвлөгөө №1: Оюутнуудаа өөрчлөлтөөс өрсөж өөрчлөгдье.
“Би Монголын маргаашийг оюутны маргаашаар төсөөлдөг.” Аливаа улс орны хөдөлгөгч хүч нь оюутнууд байдаг. Хувьсгал тэмцэл нийгмээ хөтөлсөн өөрчлөлтийг оюутнууд л хийдэг.
Үүний зэрэгцээгээрөнөөгийн бидний нийгэмд оюутнуудыг тойрсон муу үнэлэмжүүд тасардаггүй. Оюутнууд үнэгүй унаагаар үйлчлүүлдэг, зах замбараагүй, ном уншдаггүй, “Бидний үед арай ч ийм байгаагүй” гээд л. Хэдийгээр энэ шүүмжлэл үнэн ч оюутнуудаа төлөвшүүлэн хүмүүжүүлэх учиртай бидний хувьд бас нэг үнэн бол Бид оюутнуудаа сольж болохгүй юм. Муудсан хувцсаа шинийг аваад өмсдөг бол муулж байгаа оюутнуудаа өөрчилж чадахаас солиод гаднаас оруулж ирж чадахгүй.
Их сургуулийн багшийн хувьд би оюутнуудад маань байдаг хэний ч олж хараагүй олон сайн чанаруудыг олж хардаг. Эртнээс Монгол хүнд байсаар ирсэн төрөлхийн гүйлгээ ухаан, аливааг хурдан сурах чадвар, өөрийн үзэл бодол байр сууринд үнэнч байдал гээд олон чанарууд бий. Гагцхүү тэр чанаруудаа манай оюутнууд зөв зүйлдээ гаргаж чадахгүй байна. Тиймээс хэрхэн шилдэг оюутан болох талаар цуврал зөвлөгөөг энэхүү сайхан сэтгүүлээр дамжуулан танд хүргэж байна.
Бидний өнөөгийн амьдран байгаа цаг үе өөрөө өөрийгөө хөгжүүлж, өөртөө эзэн болж чадсан хүний л амжилтанд хүрч чадах цаг үе болсон байна. Тийм ч учраас оюутан залуучууд та бүхэнд зориулан гаргаж байгаа энэ зөвлөгөө алхам алхмаар өөрөө өөрийгөө хөгжүүлж болох аргууд юм. Оюутнууд цагаа төлөвлөх, үр дүнтэй лекцээ сонсож, бүтээлчээр ном уншиж, мэдээллийг эрэмбэлж хэрэгтэй мэдээллээ олж авах, тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай хамрагдах, хичээлээс гадуур олон нийтийн үйл ажиллагаанд амжилттай оролцох гээд олон зөвлөгөөг багтаан танд хүргэж эхлэх гэж байна.
Оюутан залуучуудад ч гэлтгүй эцэг эхчүүдэд, сурагчдад ба энэхүү зөвлөгөө хамааралтай юм. Учир нь хэрвээ таны хүү эсхүл охин оюутан бол түүндээ зориулан энэхүү зөвлөгөөнүүдийг цуглуулж амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой.
Хамгийн гол нь эдгээр зөвлөгөөнүүдийг амьдрал дээр хэрэгжүүлж байж үр дүнгээ өгнө. Өөрөөр хэлбэл энэхүү зөвлөгөөнүүд үр юм. Энэхүү үрийг та бүхэн тарьж ургуулаад амжилт гэдэг мод болгож болно, хэзээ ч хэрэгжүүлэхгүй ч байсан болно. Гэхдээ хожмоо таны амьдралыг тэр чигээр нь өөрчлөх ч боломжтой зөвлөгөөнүүдийг танд хүргэх болно. Ингээд амжилтаа ахиулж, алдаагаа засч, зуршлуудаа өөрчлөх 25 зөвлөгөөг хамтдаа хэрэгжүүлж, өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж хийцгээе.
Оюутан гэдэг юу ч хийсэн дүүргэж болдог хогийн сав биш, харин багахан оч өгөхөд дүрэлзэн асдаг галт бамбар юм.
Таны хөгжлийн луужин – Оюутны хөгжлийн талаар мэдээлэл авч болох номын зөвлөгөө
Өрлөг түүхийн алдаа нь ч амжилт нь ч бидний багш хэмээн эрдэмтэн мэргэд сургаж ирсэн байдаг. Хүн төрөлхтөн хөгжлийн явцдаа олон алдаа амжилтыг гаргаж байсан ба тэдгээрээ биндний өнөө үед тэмдэглэн үлдээжээ.
Оюутан залууст аминчлан зориулсан зөвлөгөөнийхөө 3 дахь хэсэгт хэрэгтэй мэдээлэл, мэдлэгийг олж авч болох номуудын тухай хүргэж байна. Эдгээр номуудыг танд зөвлөхдөө хувь хүн болон хөгжин төлөвшихөд тустайг бодон сонгон хүргэж байна. Сүүлийн үеийн гэдэг тодотголтой залуус “ном харахаараа нойр нь хүрч, үстэй толгой нь арзайдаг” байхаа хэдийн больж номын дэлгүүр, худалдаанууд амь орж байгаа нь харагддаг. Тиймдээ ч олон залуус энэхүү зөвлөгөөг уншиж дараах номнуудыг уншина хэмээн найдаж байна.
1. Баабар, Дори идэр дүүдээ – Энэхүү бүтээл нь залуу хүний сурах мэдэх ёстой зүйлсийг салбар салбараар нь түүвэрлэн гаргаж, танд зөвлөсөн бүтээл учраас залуу хүний газрын зураг хэмээн хэлэхэд болно. Тиймээс энэхүү номыг танд зөвлөж байна.
2. Стевен Кови, Өндөр үр бүтээлтэй хүний 7 дадал – Хувь хүний хөгжилд үнэ цэнэтэй 7 төрлийн ур чадвар, дадлууд юу болох, тэдгээрийг хэрхэн эзэмших, энэ дадлууд хүний амьдралд ямар үүрэгтэй зэргийг гаргаж өгсөн хувь хүний хөгжлийн салбартаа сонгодог бүтээл болсон ном юм. Дэлхий даяар 15 сая хувиар борлогдсон уг ном таны нүдийг нээж, асуудалд өөр өнцгөөс хандах боломжийг олгох болно.
3. Дейл Карнеги, Хувь хүний хөгжлийн 3 цуврал ном, Харилцаа, хандлага, сэтгэлгээгээ өөрчилж, илтгэх ур чадварт хэрхэн суралцах тухай, хамт олон найз нөхдөө өөртөө татаж, хүмүүст нөлөөлөх ур чадваруудыг маш сонирхолтойгоор өгүүлсэн бүтээл юм. Иргэншсэн соёлтой залуу хүний хувьд та энэхүү бүтээлийг заавал судлах ёстой.
4. Сургамжит өгүүллэгүүд. Хүний хөгжил гэдгийг ганцхан тархины хөгжил талаас нь харж болдоггүй. Хүн хөгжих нь сэтгэл зүрхтэй ч холбоотой асуудал юм. Хүний сэтгэлийн дотоод мөн чанар, сайхан сэтгэлийн ач тус, хүн сэтгэл, хүн чанар зэрэг олон чухал хэрнээ бидний хэдийн мартсан зүйлсийг энэхүү богино өгүүллэгүүдээр гаргаж өгсөн байна. Тийм ч учраас уншихад уйдахгүй хэрнээ сургамжтай болсон ном юм.
5. Монголын Оюутны Холбооноос жил бүр уламжлал болгон гаргадаг “Оюутан” ном бас танд мэдээлэл, мэдлэгийг зэрэг өгч чадна. Энэхүү номонд оюутантай холбоотой бүхий л мэдээллүүд багтсан байхаас гадна, оюутны хөгжилд нэмэр болохуйц олон талын мэдээлэл багтаасан байна.
6. Ц.Баатархүү, Зөв ярих ухаан – Шинэ үеийн залуучууд, оюутнуудын нэг чухал чадвар бол илтгэх, ярих, өөрийн санаа бодлоо зөвөөр илэрхийлэх чадвар юм. Тийм ч учраас энэ чадварыг өөртөө хэрхэн бий болгон суралцах тухай 2012 онд гарсан сайн бүтээлийг танд санал болгож байна. 8 жилийн судалгаан дээр тулгуурлан бичсэн энэхүү бүтээлээс та олон чухал ойлголтуудыг авах боломжтой.
7. Мэдээж хамгийн төгсгөлд Монгол хүн болж төрсний хувьд заавал унших ёстой бүтээлүүд Монголын нууц товчоо, Гэсэр, Жангар зэрэг түүхэн бүтээлүүд. Тэдгээрийг залгаж өнөө үед бичигдсэн Ану хатан, Сорхугтани бэхи хатан, Ногоон нүдэн лам зэрэг бүтээлүүдийг нэрлэж болно. Эдгээр бүтээлүүд нь түүх хүүрнэхээс гадна бидний амьдралд хэрэг болохуйц олон сургамжийг танд өгөх юм.
Дэлхийн дахины хөгжлийн чиг хандлага мэдээллийг цахим хэлбэрээр авах нь ихэсч байна. Цахим хэрэглүүр, хэлбэрүүдээр ном, төрөл бүрийн мэдээллийг ихээр авах болсон. Энэ байдал нь цаасан номны хэрэгцээ буураад яваандаа үгүй болно гэсэн үг биш. Анх гэрт байрлуулж болох энгийн телевизор гарахад кино театр үгүй болно гэж байсан нь өнөөг хүртэл байсаар байна. Яг үүнтэй л ижил цаасан номны ач холбогдол хэзээ ч буурахгүй биз. Энэ удаагийн зөвлөгөөгөөр танд маш олон сайн бүтээлүүдээс дөнгөж өчүүхэн хэсгийг хүргэлээ. Хөгжлийн тань хурдасгуур болох эдгээр бүтээлүүдтэй та заавал танилцаарай хэмээн хичээнгүйлэн хүсч байна.
Эх сурвалж: http://brainamarbat.blogspot.com/
- %BB%D3%A9%D0%B3%D3%A9%D3%A9-1/#sthash.TvlONjFy.dpuf

No comments:
Post a Comment